Тоглоомын тухай
Монгол ардын тоглоом нь ард түмний аж амьдралын байдлыг тод томруун тусгадгаараа онцлогтой бөгөөд ямар нэг тусгай орон байр, тоног хэрэгсэл төдий л шаарддаггүй тул нүүдэлчний амьдралын нөхцөлд сайтар зохицож иржээ.Монгол ардын аман наадгай нь эхлэл, өрнөл, төгсгөл хэсэгтэй төдийгүй, тогтмол уран хэллэг, үйл хөдлөлтэй, хэлбэл зохих үг яриатай, тэр нь хүнд оногдсон дүрийн хуваарилалт бүхий учраас жүжиг наадмын чанартай байдаг.Аман наадгайд харилцан яриа бүхий хэсэг их байдаг нь хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх, ярих чадварыг дээшлүүлэх, ой тогтоолтыг сайжруулах төдийгүй аливааг нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой юм. Мөн түүнчлэн аман наадгай нь орчин тойрныг танин мэдэх, юмсын шинж чанар, хэлбэр дүрс, өнгө зүсийг судалж, тоо, орон зайн ойлголттой болж, ургамал, амьтныг танин мэдэхэд сургадаг. Өвөг дээлсээс минь уламжлан ирсэн ардын аман наадгайг хүүхэд багачууд тоглож сурснаар нутаг ус, эх орныхоо тухай мөн ард түмний зан заншил, ёс суртахууны болон ахуй амьдрал, хөдөлмөрийн тухай ойлголтыг олж авдаг.
Эрт үеэс Монгол хүүхдүүдийн дунд хамгийн өргөн дэлгэрсэн тоглоомын нэг бол Чоно тарвагацах хөдөлгөөнт тоглоом юм.
Тоглох дүрэм
Чоно тарвагацах
Хэн нь чоно болохоо шодох үгээр тоолно. Үүнд:
Том
Том
Найз уу?
Тоголзуур
Найз уу?
Гааль уу?
Гархи уу?
Галзуу
Зүрх үү?
Яам уу?
Яс уу?
Ширээн
Доогуур
Шив
Тас!
Эцсийн үг таарсан нь чоно болно. Тарваганууд чонын дошин дээр очиж асууна.
Чоно гуай, чоно гуай хэтээ өгөөч!
Хэтээр яах нь вэ?
Гал асаая.
Гал асааж яах нь вэ?
Цавуу дэвтээе.
Цавуу дэвтээж яах нь вэ?
Нум сум наая.
Нум сумаар яах нь вэ?
Таны толгойг тас харвая гэж хэлээд зугтаадаг бөгөөд чоно бүх тарвагийг нэг нэгээр нь бариж дууссанаар тоглоом өндөрлөдөг байна.