“Ардын уламжлалт тоглоом наадгайн нээлттэй цахим номын сан” бүтээх төслийн 2016 оны ээлжит бага хурал боллоо

ЮНЕСКО-ийн “Ардын уламжлалт тоглоом наадгайн нээлттэй цахим номын сан” бүтээх төслийн 2016 оны ээлжит бага хурал болон Мэргэжилтнүүдийн уулзалт 2017 оны 12 дугаар сарын 6-7-нд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдлаа. Тус хуралд ЮНЕСКО-ийн МҮК-ийн төсөл хариуцсан мэргэжилтэн У. Мөнхдэлгэр  амжилттай оролцлоо. Энэхүү хуралд ардын уламжлалт тоглоомын болон ICT-ийн мэргэжилтнүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, мэдээллийн технологийн програм хөгжүүлэгчид, төсөлд оролцогч орнуудын ЮНЕСКО-ийн мэргэжилтүүд, Тенсент-ийн төлөөллүүд оролцов.

Шинэ технологийг ашиглан ардын уламжлалт тоглоом, наадгайг хэрхэн хадгалж хамгаалах, орон нутгийн уугуул иргэдийн уламжлалт мэдлэгийг цахим номын сангаар дамжуулан түгээн дэлгэрүүлэх, түүнтэй холбогдон гарах эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны сорилт бэрхшээлийг хэрхэн даван туулах, цахим тоглоом болон бүтээлч загварчлал зэрэг арга хэрэгслүүдийг ашиглан уламжлалт мэдлэгийг хэрхэн бэхжүүлэн хамгаалах, улмаар энэхүү өвийг албан ба албан бус сургалтын үйл ажиллагаатай хэрхэн нэгтгэн уялдуулах зэрэг асуудлаар олон улсын хэмжээнд харилцан мэдлэг туршлагаа солилцов.

ЮНЕСКО тус мэргэжилтнүүдийн уулзалтаар төслийн хэрэгжилтийн явцыг танилцуулах болон Нээлттэй цахим номын сангийн өнөөгийн загварчлал, агуулгыг хэлэлцэн цаашид сайжруулах үйл ажиллагааны талаар мэргэжилтнүүдийн дүгнэлт, санал, зөвлөгөөг авсан юм.

Төслийн зөвлөх Грек, Бразил улсын мэргэжилтнууд “Ардын уламжлалт тоглоом наадгайн цахим номын сан”-ийн удирдамжийн төслийг танилцуулж, хэрхэн хөгжүүлэх  талаар төлөөлөгчидтэй хэлэлцсэн юм. Хуралд Грек улсын доктор Камара-ын “Виртуаль эрин дэх Грекийн тоглоомууд”, БНХАУ-ын Анимешин, цахим урлаг, харилцаа холбооны сургуулийн профессор Шуи-ийн  “Загварчлан боловсруулах” зэрэг илтгэлүүдийг тавьсан юм.  Хурлын төгсгөлд тус төслийн сурталчилгааны видеоны зураг авалтыг “Миний тоглодог уламжлалт тоглоом” сэдвээр хийсэн бөгөөд төлөөлөгчид өөрийн орны тоглоомыг тоглож үзүүлэх, ‘надтай хамт тоглоорой’ гэсэн үгийг төрөлх хэлээрээ хэлсэн юм.  “Ардын уламжлалт тоглоом наадгайн цахим номын сан”-ийн албан ёсны нээлтийн ажиллагаа 2017 оны 3 сард Бээжинд болсон билээ.